Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
–Нүүрс тээврийн 9000 жолооч ажиллаж байгаа гэсэн. Жолооч нар ямар эзэнтэй, ямар компанид ажиллаж байгаагаа мэддэггүй. Үүнийг шууд мэдэх боломжтой юм уу?
-Экспортоо доголдуулахгүйн тулд жолооч нарыг тайван зогсоолд ирсний дараа мөрдөн шалгах, тодруулах ажлуудыг хийж байгаа.
Тухайн жолоочийн гэрээ байгуулсан хүнтэй холбогдоод цаана нь байгаа эздийг тогтоож байна. Зарим тээврийн хэрэгсэл олон удаа хилээр хоосон гарсан гэх мэдээлэл бий.
Хилээр бүртгэлгүй гарсан нүүрсний хулгайн асуудал бол зөвхөн жижиг Тавантолгойд хамаарна.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр том Тавантолгой компанид ажиллуулахаар боллоо.
Монгол Улсын Засгийн газраас хоёр удаа зардал гаргаж, нүүрсний олборлолтыг сансрын тойм зургаар авсан.
Тус ажлын хэсгийнхэн Тавантолгойн бүлэг ордын уулын ажлын зураглалыг 3D аргаар босгож, тухайн зураглалаас хэчнээн сая куб нь хөрс хуулалтын шороо болж, хэчнээн нь коксжсон нүүрс, исэлдсэн нүүрс болсныг тогтооно.
-Ил болгоогүй хэчнээн оффтейк гэрээ байгаа вэ?
-Нийт 11 оффтейк гэрээг ил болгоно гэж мэдэгдсэн. Үүний ес нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах бол, хоёр нь Зам, тээврийн хөгжлийн яаманд харьяалагдаж байгаа.
Ил болоогүй хоёр гэрээг ЗТХЯ өнөөдөр олон нийтэд зарлах ёстой. Одоогийн байдлаар ил болгосон гэрээг хүн бүр үзэх боломжтой юм.