Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 15 жил болсон ч үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотор энэ компани хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж юм.
Энэ компани 89 орон тоотой, 7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг авч хаяж байна.
Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Ажлын байрны шаардлага бий болсон. 1-р сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэл явуулна” гэв.