Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Монголын Үндэсний Ардчилсан нам/МҮАН/ Ардчилсан намд нэгдсэнийг баталгаажуулжээ.
Тодруулбал, Монголын Үндэсний ардчилсан нам үйл ажиллагаагаа зогсоож, Ардчилсан намтай нэгдэж байна. Ингэснээр Улсын дээд шүүхэд хандаж, бичиг баримтаа өгөх аж.
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл Ардчилсан намтай нэгдэж буй талаараа “Парламентын засаглал суларч, ардчиллын тулгуур багана болсон иргэний нийгмийн байгууллагууд цэвэр улс төрийн намуудын нөлөөллийн байгууллага болж, хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Ер нь ардчиллын маш олон чухал элемент алдагдаж байна. Хоёр хөршийн нөлөөлөл манай улсад маш хүчтэй байгаа юм. Улс оронд авторатори дэглэм тогтоох гэсэн хүсэл гадаадад, дотоодод ч байна. Үүнийг бид сөрөн зогсох учиртай. Тиймээс ардчиллын төлөөх намууд нэгдэн зогсох шаардлага тулгарлаа. Бид олон зүйл алдсан байж болох ч олсон зүйл нь түүнээс хавьгүй илүү. Ардчиллын төлөө зүрх сэтгэл нь догдолж явдаг хүн бүр, ардчилсан үзэлтэй улс төрийн намууд нэгдэж ажиллах уриалгыг МҮАН дэвшүүлж, өөрсдөө санаачилга гарган ийм шийдвэр гаргалаа” гэв.
Мөн хяналтын Засгийн газар буюу сүүдрийн Засгийн газрыг байгуулж, тэргүүнээр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханыг томилсон байна.
Сүүдрийн Засгийн газрын гол зорилго нь үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж буй Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэхэд оршдог.