Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болоод буй. Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хил нээгдэхтэй холбоотойгоор УОК-оос түр журам баталж мөрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү мэдээллийн дараа Шадар сайдтай хамт хуралдаж, уг түр журмыг батлахаар тохирсон.
Халдвар хамгааллын дэглэмийг сахихдаа хоёр орны иргэдэд тэгш хандах зарчмыг баримтлах нь зүйтэй. Шадар сайд, Боомтын сайд нар хүлээн авч үүн дээр санал нэгдсэн.
Манай улсын иргэд БНХАУ-д зорчиход 48 цагийн хүчинтэй байх PCR шинжилгээ өгөхийг шаардаж байгаа. Тиймээс БНХАУ-аар дамжин Монгол Улсад ирж байгаа гадаадын иргэд болон манай улсын иргэд ч гэсэн хилээр нэвтрэхдээ 48 цагийн PCR шинжилгээний сөрөг гэсэн хариутай байх дээр санал нэгдэж, журамдаа оруулж байна.
Энэхүү шинжилгээтэй хил гараад 48 цаг дотроо багтаж эх орондоо орж ирвэл Замын-Үүдэд түргэвчилсэн шинжилгээ өгнө гэж журамд оруулахаар болж байгаа. Халдвар хамгааллын журам агаарын хил болон хилийн боомтуудаар вагон, автомашинаар орж ирэх иргэдэд адил үйлчилнэ” гэсэн юм.