Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс танилцууллаа.
Тодруулбал Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүнээс яагаад чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаарх Л.Ганбат гишүүн асуухад Т.Аюурсайхан “Сүүлийн гурван сарын хугацаанд намайг илтэд харлуулж, зохиомол хэрэг үүсгэсэн. Зохион байгуулалттайгаар миний эсрэг гүтгэлэг, дайралт, доромжлол бий болгосон. Янз бүрийн хүмүүс зохион байгуулсан нь эхнээсээ ил болж байна. Маш их санхүүжилт, хөрөнгө мөнгө зарсан байна. Олон нийтийн мэдээлэлд үндэслэн хуулийн байгууллага прокурорын газраас надад хэрэг үүсгэсэн. Нүүрсний хулгайн хэрэгт надад холбогдол байхгүй. Прокурорын газраас гаргасан дүгнэлттэй би санал нийлэхгүй. Тиймээс хуулийн үндэслэлгүй гэж үзэж шат шатанд нь гомдол гаргахаар, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд шалгуулахыг хүсэж байна. Өөр нарийн зүйлс ярих боломжгүй байна” гэв.