Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Хуульзүйн яамны ажилтнууд тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены гэрийг нэгжжээ.
Америкийн Делавэр мужид байх Жо Байдены гэрт хууль сахиулагчид 13 цагийн туршид нэгжлэг хийж дахин зургаан нууц баримт бичиг олсон гэж өмгөөлөгч Боб Бауэр сэтгүүлчдэд мэдээлсэн талаар BBC мэдээлжээ.
Нэгжлэг хийх үеэр олдсон зарим баримт бичгүүд нь Байденыг сенатч байх үед, өөр баримт бичгүүд нь түүнийг дэд ерөнхийлөгч байх үед хамааралтай аж. Нэгжлэгийн үеэр “хувийн гараар бичсэн тэмдэглэлүүд”, “дагалдах материалууд” олдсон гэж өмгөөлөгч өгүүлсэн бөгөөд энэ үеэр Байден болон түүний эхнэр гэртээ байгаагүй ч нэгжлэг хийхийг зөвшөөрчээ.
Үүнээс ч өмнө, өнгөрсөн оны 11 дүгээр сард Жо Байдены хуульчид түүний Вашингтон дахь “”Пенн-Байден” дипломат, олон улсын хамтын ажиллагааны төв дэх өрөөний шүүгээнээс нууц баримт бичгүүд олсон гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдаж байв. Эдгээр баримт бичгүүд нь Байденыг дэд ерөнхийлөгч байх цаг үед хамаарах аж.
Эдгээр баримтууд дунд Украин, Иран, Их Британийн талаарх тагнуулын мэдээллүүд байсан гэх бөгөөд баримт бичгүүд 2013-2016 онуудынх байжээ. Нууц баримт бичгүүд нь гэр бүлийн архив бүхий хайрцаг дотор байсан гэнэ.
Байден нууц баримт бичгүүдтэй харьцах журмыг зөрчсөн эсэхийг прокурор Роберт Хур мөрдөн шалгах бөгөөд тэрбээр өмнө нь алан хядлага, луйврын хэрэг зэргийг мөрдөн шалгаж байсан гэж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгджээ.
АНу-ын тойргийн прокурор зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Роберт Хур прокурорын бүхий л бүрэн эрхийг эдэлнэ, өөрөөр хэлбэл шүүхэд баримт бичгүүдийг гарган өгөхийг шаардах, эрүүгийн хэргээр ял оноохыг шаардах эрхтэй юм байна.
Тэрбээр хэргийг мөрдөн шалгаж, нууц баримт бичгүүдтэй харьцах журмыг зөрчсөн хэнийг ч шүүхэд татах эрхтэй байх аж. Ингэснээр хэргийг мөрдөн шалгасны дүнд Байден төрийн нууц баримтуудыг хадгалах журмыг зөрчсөн гэж үзвэл түүнд шийтгэл оноож болзошгүй гэнэ.