Монголын Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Малайзын шүүхээс гэр бүлд нь 5 сая ринггит нөхөн олговор олгох шийдвэр гарсан. Тэгвэл гэр бүлээс нь илүү өндөр нөхөн олговор авахаар давж заалдаж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 16-нд гаргасан давж заалдах гомдолд Ш.Алтантуяагийн ар гэрийнхэн хохирлын хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэн давж заалдсан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Дээд шүүхийн шүүгч Вазер Алам Мидин Мира (одоогийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч) Ш.Алтантуяагийн гэр бүлийн нэхэмжлэлийг зөвшөөрч, цагдаа асан Азила Хадри, Сирул Азхар Умар, улс төр судлаач Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газрыг хамтран нийтдээ 5 сая ринггитийг гэр бүлд нь төлөхийг даалгасан. Шүүгч мөн нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн 25,000 ринггиттэй тэнцэх хэмжээний төлбөр болон хуулийн зардлыг бүрэн барагдуулах хүртэл шүүхийн нийт дүнгийн таван хувиар алданги тооцсон.
Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд Малайзын Засгийн газар болон Разак Багинда нар Дээд шүүхийн хариуцлагын болон тоо хэмжээний тухай шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.
Ш.Алтантуяагийн гэр бүл анх 2007 оны зургадугаар сарын 4-нд хэрэгтэн Азилах, Сирул, Разак Багинда болон Малайзын Засгийн газрын эсрэг 100 сая ринггит нэхэмжлэн гомдол гаргасан юм. Ш.Алтантуяагийн ар гэрийнхэн мэдүүлэгтээ, загвар өмсөгч бүсгүйн үхлийн улмаас сэтгэцийн цочрол, сэтгэл зүйн гэмтэл учирсан гэж үзэж, нөхөн төлбөр шаардсан.
Сирул одоогоор Австралийн цагаачдын хорих төвд хоригдож байгаа бол Азила Кажанг шоронд цаазын ял сонсоод байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: THE MALAYSIAN INSIGHT