Өчигдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс танилцуулсан шинэ судалгааны тайлангаас дэлхий даяар эмэгтэйчүүдийг эрчүүдээс дорд үзэх явдал түгээмэл байгаа нь харагджээ.
Тухайлбал судалгаанд хамрагдсан дэлхийн 80 улсын хүн амын бараг арван хүн тутмын ес нь эмэгтэйчүүдийн талаар ямар нэг хэмжээгээр сөрөг ойлголттой байдаг нь тогтоогдсон байна. Эдгээр улсуудад дэлхийн нийт хүн амын 85 хувь амьдардаг ажээ.
Зарим жишээг дурдвал судалгаанд хамрагдагсдын тал орчим хувь нь эрчүүд улс төрд илүү тохиромжтой, 40 хувь нь бизнесийг удирдах илүү чадвартай гэж үзсэн бол 25 хувь нь эмэгтэй хүнийг зодсон эрэгтэйг зөвтгөх хандлагатай байсан байна.
Дээрх сөрөг хандлагууд бүс нутаг, амьдралын түвшин, эдийн засгийн хөгжил, соёл шашин хамааралгүйгээр ойролцоо хэмжээнд ажиглагджээ.
Судалгаанд хамрагдсан улсуудын 59-д нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өндөр боловсролтой ч орлогын ялгаа нь дунджаар 39 хувь доогуур байсан байна.
Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүйсийн тэгш эрхийг хангах чиглэлд гарсан өмнөх ахиц дэвшлүүд “нүдний өмнө замхран арилж” байгааг анхааруулаад эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэнцүү нийгмийг бий болгоход дахиад 300 жилийн зай байгааг мэдэгдсэн юм. Тэрбээр НҮБ-ын хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн байгууллагаас гаргасан сүүлийн тооцоог үндэслэн ийм тоо хэлж байжээ.
Эх сурвалж: CNN