БОАЖЯ-наас нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн болон дүүргүүдийн Байгаль хамгаалагч нартай хамтран “Усны тоо бүртгэл”-ийн хээрийн судалгааны ажлыг эхлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, уст цэг болон усны барилга байгууламжуудын өмнөх мэдээллийг шинэчлэх, гол горхи, булаг шанд, нуур тойрмын устай эсэх төлөв байдал, хашиж хамгаалах шаардлагатай эсэх, шинээр гаргасан худаг, хиймэл усан сан, хөв цөөрөм гэх мэт мэдээ мэдээллийг бүрдүүлэх ажлуудыг хийх юм байна.
Мөн эдгээр тоон мэдээлэлд үндэслэн усны мэдээллийн дэд сан болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус зүйн зургийг шинэчлэн гаргаж, тайланг Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газартай 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэлийн ажил гүйцэтгэх” гэрээний хүрээнд уг ажлыг гүйцэтгэж байна гэж БОАЖЯ-наас мэдээллэв.