- Бээжин хотод агаарын температур цельсийн 41 хэмд хүрч байна
- Хэт халалт эрчим хүчний хомсдолд орох эрсдэл үүсгэж эхэллээ
- Цаг уурын өөрчлөлт Ази тивд хэт халалтыг 30 дахин нэмэгдүүлжээ
Бээжин хотод агаарын температур цельсийн 41.1 хэмд хүрч буйг Хятадын цаг уурын газраас мэдээлэв. Энэ нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаан дахь хамгийн халуун зургаадугаар сар болж байна. Тус хотод хэт халалт энэ сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ жил Хятад даяар дулааны улиралд агаарын хэм өндөр үзүүлэлттэй байгаа нь эрчим хүчний хомсдолд орох эрсдэл үүсгэж байгаа аж. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгааны хэрэглээгээ хязгаарлахыг анхаарууллаа.
Бямба гараг хүртэл агаарын температур цельсийн 39 хэмд хүрэх төлөвтэй байгаа тул улбар шар буюу хоёрдугаар зэргийн анхааруулгыг зарлав.
Өнгөрсөн сард Хятадын зүүн хэсэгт орших 25 сая хүн амтай Шанхайд сүүлийн зуун дахь хамгийн халуун тавдугаар сар тохиосон юм.
Температурын өсөлт, хэт халалт үүсэх нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Өнгөрсөн сард гаргасан судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь Азид хэт халалтыг 30 дахин нэмэгдүүлсэн болохыг тогтоожээ. Тухайлбал БНСУ-д хэт халалтын улмаас 104 хүн эмнэлэгт хүргэгдэж, нэг хүн амиа алдсан.
Эх сурвалж: ВВС