Хүний эрүүл мэндэд онцгой ач тустай айраг хэмээх ундааны найрлагыг Олон Улсын эрдэмтэн судлаачид хэдэн арван жилийн турш судалсаар ирсэн билээ.
Айраг нь хөөсөрхөг, цагаан өнгөтэй, сэрүү татуулсан тааламжтай амттай, чихэрлэг хэрнээ исгэлүүн. Айрагны найрлаганд хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх амин дэм агуулагдаж байдаг. Тэр дундаа А, С, В витаминаар маш баялаг.
Эхийн сүүтэй харьцуулахад гүүний саамын “С” амин дэмийн агууламж нь 4-8 дахин их хэмжээтэй болохыг Италийн судлаач И. Паглериани 1993 онд тогтоосон байна. Гүүний сүү нь бусад малын сүүнээс чихрийг (лактоза) хамгийн ихээр (7.8%) агуулдаг тул амархан исэж олон төрлийн хүчил, аминдэм, биологийн идэвхит бодис болон хувирдаг. Айраг нь кальц, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай.
Түүнчлэн ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессийг зогсоох, гэдэсний рН – ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй.