Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хоол, хүнсний худалдаа, үйлчилгээнд тавьж байгаа хяналт, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн тохижилтын ажлыг наадмаас сар гаруйн өмнө эхэлсэн. Ногоон байгууламж, зам, талбайн тохижилт, ариун цэврийн байгууламж гэх мэт ажлуудыг хийлээ. Цэвэрлэгээ, үйлчилгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хамтран 237 хүн 30 гаруй машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Мөн хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд 280 гаруй, Хүй 7 худагт 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл ахуйн хяналтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагууд тавьж байна хэмээв.