Кино уран бүтээлчдэд зориулсан “Кино нүүдэл” олон улсын сургалтын бүртгэл эхэлжээ.
Уг олон улсын кино сургалт нь киноны зохиол бичих, ур чадвараа ахиулах, хөгжүүлэх мөн кино төслийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулалтыг хийж сурах хүсэлтэй кино уран бүтээлчдэд нээлттэй аж.
Сургалтыг Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл (КУЗ)-ийн дэмжлэгтэйгээр Иргэдийн Цахим Оролцоо ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд долдугаар сарын 28-ны өдөр хүртэл filmnomad.mn сайтаар бүртгэх юм байна.
Хөтөлбөр нь наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 29-ний өдөр хүртэл дараах үе шаттайгаар явагдахаар болжээ.
- Кино зохиол бичих сургалт (Цахим: 08.01-22 Танхим: 09.04-08)
- Кино төсөл боловсруулах сургалт (Цахим: 08.01-22 Танхим: 09.11-15)
- Кино форум (Улаанбаатар хот 09.25-26)
- Кино төсөл шалгаруулалт (Хамарын хийд 09.28-29)
“Хөтөлбөрийг дэлхийн кино салбарын шилдэг найман зөвлөх, таван багш удирдан явуулна”
Хөтөлбөрийг Австрали, Шинэ Зеланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн кино салбарын шилдэг найман зөвлөх, таван багш удирдан явуулах юм байна.
Түүнчлэн оролцогч нар кино зохиол бичсэн эсвэл зохиолын санаатай байгаа бол сургалтын багш нартай ганцаарчлан уулзаж мэргэжлийн зөвлөгөө авч болох аж.
КУЗ-ын гишүүн Т.Номуунзул “Сайн кино зохиолтой болсны дараа түүнийг дэлгэцэд хүргэх хүртэл маш урт хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулна. Тийм учраас киногоо маш сайн төсөл болгож бичих хэрэгтэй.
Сайн кино төсөл нь гаднын продюсер болон сангуудаас дэмжлэг, санхүүжилт авах түлхэц болдог” гэсэн юм.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын уран бүтээлчид гаднын уран бүтээлчидтэй хамтран болон бие даан санхүүжилт хүсэх боломжтой дэлхийн 10 сангийн төлөөлөл Монголд ирэхээр болсон гэдгийг “Кино нүүдэл” олон улсын хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа онцоллоо.
“Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөр нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилтийн дэмжлэг авч, хэрэгжиж буй энэ оны гурав дахь төсөл аж.