Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн гурван шатны шүүхээс 10 жил хорих ял шийтгүүлсэн “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
Тэднийг шүүгчдийн эсрэг санаатай гүтгэлэг тарааж, хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн буруутгаж, хариуцлага тооцуулахаар ШЕЗ-өөс цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан бөгөөд уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэж дээрх шийтгэлийг оноосон аж.
Эл хоёр өмгөөлөгч дээрх шүүгдэгчийн хэргийг өмгөөлж байхдаа ёс зүйгээ зөрчсөн, хэргийг хянасан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн эсрэг олон нийтийн сүлжээгээр элдэв мэдээлэл бэлтгэж цацсан хэмээн буруутгагдсан юм.
Тодруулбал, Г.Баасан, А.Батдорж нар “Тагнуулын байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байхад гадаадынхны нөлөөгөөр шүүгч нар илт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан” гэсэн утгатай мэдээлэл бэлтгэж түгээсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Баасан, А.Батдорж нарыг Зөрчлийн тухай хуулийн 15.4-т заасан “Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн” гэж дүгнэн торгох шийтгэвэр оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь баталлаа.