Нижерийн цэргийнхэн өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Мохамед Базоумыг түлхэн унагаасан юм. Хожим нь цэргийн хунт засгийн газар байгуулснаа зарлажээ. Улмаар Нижерт үүссэн улс төрийн үймээн самуунаас үүдэн Баруун Африкийн тус улсыг колончилж байсан Францын эсрэг жагсаал цуглаан өрнөхөд хүрч, жагсагчид нийслэл Ниамей хот дахь Францын Элчин сайдын яам руу халдсан байна.
Лхагва гарагт АНУ-ын Төрийн департамент Ниамей хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны зарим ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийг нь түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Франц, Итали улсуудын хувьд Нижерээс иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа хэдийнээ эхлүүлээд байгаа бөгөөд Франц руу 350 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Баруун Африкийн бүс нутгийн холбоо Нижерт гарсан төрийн эргэлтийг зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргаад, Ерөнхийлөгч М.Базоумыг энэ долоо хоногийн эцэс гэхэд албан тушаалд нь эргүүлэн оруулахгүй бол хүч хэрэглэхэд хүрч болзошгүй хэмээн мэдэгджээ.
Нижер улс нь цахилгаан эрчим хүчнийхээ ихэнх хувийг хөрш Нигериэс авдаг байна. Харин Нигери улс цэргийн хунтын эсрэг авч буй хориг арга хэмжээнийхээ хүрээнд цахилгаан эрчим хүчний хангамжаа зогсоосны улмаас Нижерийн томоохон хотуудад цахилгаан тасарчээ.