Улаанбаатар хотод үерийн аюултай бүсэд 3,000 орчим айл өрх байна. Эдгээр иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар Газрын албанаас өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Үерт урсаж, нөлөөлөлд өртөж болзошгүй бүх газрын судалгааг гаргалаа.
Гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон түр суурьшуулах 1,000 га газрыг НИТХ-аас баталсан байдаг. Үүнээс 427 га газарт 2,397 айлыг нүүлгэн шилжүүлэхээр байршлыг тодорхойллоо.
Үерт урсаж болзошгүй буюу гуу жалгануудад шороо дүүргэж айл буусан газруудын нарийвчилсан зургийг авч байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн өмнөх байсан гуу жалга бий эсэхийг сансрын зургаар гаргаж байгаа юм.
Одоогийн байдлаар үерт өртөж болзошгүй 2,900 айл өрхөд Онцгой байдлын байгууллагатай хамтран нүүх 3,900 мэдэгдлийг хүргээд байна. Гэвч зарим иргэн миний үхэх чамд хамаагүй гээд мэдэгдлийг ураад газрын албаны ажилтны өөдөөс шиддэг. Газрын албаныхан үерийн жалгыг дүүргээд газар олголоо ч гэх бэрхшээл бий.
Үерийн аманд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх газарт авто зам, цахилгаан эрчим хүчийг холбохоор төлөвлөж байгаа. Нийтийн тээврийн автобус явна.
Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт нүүлгэн шилжүүлэх байршлуудыг тодорхойлсон, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт жижиг газрууд бий. Нүүлгэн шилжүүлж байгаа иргэнд газрыг эзэмших эрхээр олгоно. Хуульд заасны дагуу газар эзэмшүүлнэ” гэв.