ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Гэрэлт:
-Хөх хот цөөн хүн амтай хэр нь түгжрэлийн хэмжээгээрээ БНХАУ-даа эхний хоёрт ордог байлаа.
2000 он гарснаас хойш хоёр шугам метро тавьж, хоёр, гуравдугаар тойрог замыг хотоо тойруулж тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтууд нь түгжрэлээ шийдэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Мөн их, дээд сургуулиудаа хотын гадна нүүлгэн шилжүүлсэн. Тухайлбал, 2007 онд Өвөр Монголын их сургуулийг хоёрдугаар тойрог замын гадна шилжүүлсэн юм.
Мөн Эдийн засгийн их сургуулиа хотын хойд хэсэг рүү, Боловсролын их сургууль, Анагаахын их сургуулиа хотоос гаргасан.
Харин хувийн их, дээд сургуулиудаа хотын зүүн зах руу буюу нисэх онгоцны буудал орчимд “Их сургуулийн хотхон” хэлбэрээр байгуулсан. Хөх хот ийнхүү их, дээд сургуулиа хотоос гаргаснаар түгжрэлээ бууруулж, хүн амын тэнцвэрт байдлаа хангаж чадсан.