АТГ-аас одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ.
Түүнийг “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан ийнхүү цагдан хорьсон талаар тухайн үед албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тодруулбал,ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д албан тушаалаа урвуулан ашигласан, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байсан ч уг асуудал тэгэсхийгээд намжсан байдаг.
Тэгвэл Д.Нямхүүд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.