УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “УИХ-ын хянан шалгалтын тухай хууль батлагдсан. Ингэснээр төрийн босоо хариуцлагын тогтолцоо бус хариуцлага хяналтын тогтолцоог бий болгосон. Мөн D-parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байгаа бөгөөд энэхүү цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусаж байгаа.
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах боломж бүрдэж байна. D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг аравдугаар сарын 17-нд олон нийтэд танилцуулах болно. Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулдаг болох юм.
Иргэдээс гурван төрлийн гомдол ихээр ирсэн. Нэгдүгээрт, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол ялыг чангатгах гэх санал ирсэн.
Мөн МҮХАҮТ болон CEO клубээс ирүүлсэн санал байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг ирүүлсэн. Уг саналыг Сангийн яаманд хүргүүлж, боловсруулан төсвийн тооцоолол гарган мэтгэлцээн зохион байгуулна.
Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандлыг 50-иар нэмнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэхээр болсон. Өмнө нь Лаосын тусламжаар хийж байсан. Харин цахим системүүд болон микрофоныг КОЙКА-гийн тусламжаар шинэчилж байв. Гэвч уг бүтээгдэхүүн нь ахин үйлдвэрлэхээ больсон. Тиймээс шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Тиймээс ирэх онд 12 тэрбум 669 сая төгрөгөөр шинэчилнэ. Энэ бол гишүүдийн тоо нэмэгдсэнээс үл хамааран шийдэгдсэн асуудал байсан” гэлээ.