Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн төсөлд тусгасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм өөрчлөлт хийх болжээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Энэ төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, оногдуулах ялыг чангатгах мэдээлэл тархсаны дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үүнээс өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувар буурсан.
Энэхүү чангатгасан ялын бодлого тогтвортой хэрэгжихээр нийтээрээ зөв дадалд суралцана. Согтууруулах ундаа амссан бол тээврийн хэрэгсэл жолоодох тухай бодол хүн бүрийн оюун ухаанаас арчигддаг байх ёстой” гэв.
Мөн тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтийн төслийг санаачлах, хэлэлцэх үеийн нийгмийн сэтгэлзүй, өнөөдрийн үр дүнгийн талаар жишээ болгов.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг “согтууруулах ундаа” хэмээн хуульчилсан.
Аливаа төрлийн согтууруулах ундаа нь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр нөлөөлдөг гэв. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/506, A/176 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-аар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үздэг байна.