Бямба гарагийн орой Оросын арми Украины Харьков хотын шуудан түгээх төвд пуужингаар довтолсны улмаас зургаан хүн алагдаж, 14 хүн шархадсан байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шуудан түгээх төвийн нурсан барилга, хагарсан цонх зэргийг харуулсан дүрс бичлэгийг Ням гарагт сошиал хуудсандаа нийтэлж, Оросын тал иргэний байгууламжуудад халдаж байгааг нь шүүмжилжээ.
Шархадсан хүмүүс 17-42 насныхан байсан бөгөөд тэдний долоогийнх нь биеийн байдал маш хүнд байгааг Харьков мужийн захирагч Олег Синегубов мэдээлсэн байна.
Түгшүүрийн дохио дуугарснаас хойш хэдхэн секундийн дараа шуудангийн төв пуужинд оногдсон тул ажилчид нь хоргодох байранд орж амжаагүйг тэр орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Шуудан түгээх төв байрыг ОХУ-ын Белгород мужаас харвасан С300 агаарын довтолгооноос хамгаалах системийн хоёр пуужин оносныг Харьков хотын прокурорын газар мэдээлсэн байна.
Харьков бол Украины хоёр дахь том хот бөгөөд Оросын хилээс 30 км зайтай байрладаг.
Украины дайн эхэлсний дараах эхний саруудад тус хот Оросын армийн агаарын цохилтын улмаас нэлээд их хохирол амсаж байжээ.
Иргэний зориулалттай байгууламжуудад цохилт өгснөө байнга няцаадаг ОХУ-ын батлан хамгаалах яам Бямба гарагийн халдлагын талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Aljazeera