Засгийн газраас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулав.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо.
Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд авч үзэж, дүгнэлт боловсруулна.
Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргасан. Бүх цэргийн ангид шалгалт хийнэ.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах үндсэн үүрэгтэй. Хүний амь нас хохирсон асуудал Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тусдаа тул Хуульзүй дотоод хэргийн сайд оролцож болохгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт гараагүй гэж мэдээлэл авсан гэв.