Төрийн ордонд нүүрсний сонсголын хоёр дахь шат үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй тээвэр хийж хилээр нэвтэрсэн, 20 жолооч, 15 компанийн удирдлагыг нүүрсний сонсголд дууджээ.
“Жиасмон Ложистикс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нүүрс тээврийн нэг автомашин 133 удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр 18 мянган тонн нүүрс тээвэрлэсэн гэсэн дүгнэлтийг шинжээч танилцуулав. Үүнд санал нийлж байгаа эсэхийг автомашины жолоочоос асуухад “Энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Жолооч бид нар нүүрс тээвэр хийхэд админ, тээврийн ахлах нарын үг, зааврын дагуу хөдөлдөг. Гаалийн бүрдүүлэлтийн тухай бид мэдэхгүй. Яв гэвэл явдаг, зогс гэхээр нь зогсдог” гэлээ.
Мөн сонсголд “Жиасмон Ложистикс” ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч Zhao Yang, дэд захирал Ц.Ариунболд нар иржээ. Тэд “Манай компанийн 2600 гаруй автомашин гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байна гэсэн мэдээлэл тусгасан байна. Энэ ямар ч боломжгүй. Хятадын гаалд бүх мэдээлэл бүртгэлтэй байгаа. Хэрэв Монголын гаалиар бүртгэлгүй гарвал Хятадын гаалиар нэвтрүүлэхгүй. Тэгэхээр энэ ямар ч үндэслэлгүй мэдээлэл байна” гэж хариуллаа.