Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тавьсан шаардлагад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариу мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намайг элдэв бусаар гүтгэсэн гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж, хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-д санал хүргэж байна.
Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотойгоор нийт долоон удаа хориг авч байсан. Одоо харин Ерөнхийлөгч биш мөртлөө найм дахь хоригийг өгч байх шиг байна. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор хэдэн зүйл хэлье. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Би улсдаа гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг.
Учир нь, арилжааны банк олдохгүй, хүү өндөртэй. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургууль Монголд байгуулагдаасай гэж хүсэж байна. Гадаадын том эмнэлэгүүд мөн манай улсад орж ирж үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсэж байна. Мөн Арьс ширний үйлдвэр Монгол Улсад орж ирээсэй гэж бодож байгаа.
Ингэж байж Монгол Улс хөгжинө. Би Ардчилсан намыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувицн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явж байсан” гэв.