Японы төв нутгийн Ишикава мужид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 232-д хүрсэн тухай орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээллээ.
Тус мужийн засаг захиргаанаас мэдээлснээр, дээрх тоог орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагийн байдлаар гарсан бөгөөд Ното хойгт болсон газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Важима хотод амь эрсэдсэн хүний тоо 10-аар нэмэгджээ.
Тэдний цогцсыг Важима хотын өглөөний захын ойролцоогоос илрүүлсэн байна. Энэ зах нь жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус захад өргөн хүрээг хамарсан эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.
Харин сураггүй болсон хүмүүсийн тоо нэгээр буурч, Важима хотод 17 хүн, Сүзү хотод дөрвөн хүн буюу нийт 21 хүн сураггүй хэвээр байна. Мөн газар хөдлөлтөд өртсөн барилгуудын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Важима, Сүзү хотуудад хохирлыг “их хэмжээний” хэмээн тодорхойлсон хэвээр байгаа бөгөөд бодит нөхцөл байдал тодорхойгүй байна гэж Kyodo агентлаг мэдээлжээ.