“ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах, эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Засгийн газраас “ЭТТ” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барьсан юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цагаан сараас өмнө хувьцаа эзэмшигч бүрд 580 мянган төгрөг өгөх ёстой. Гэтэл сонгуулийн өмнө өгөх нь эрх баригчдад ашигтай юм шиг байна. 580 биш 420 мянган төгрөг өгөх бололтой. Зөрүүг нь та нар өгөөрэй. Том дарга нар ЭТТ мухар төмөр зам тавьж идсэн. Өөрсдөө хувааж идчихээд ард түмэнд өгөх болохоор таг. Та нарын амьдрал сайн бол ард түмэнд хэцүү байна. Иргэдийн зээл нийт зээлийн 75 хувийг эзэлсэн нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг харуулна. Энэ тогтоолыг хурдан батлуул.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Зөвхөн сонгуулийн жилийн өмнө ногдол ашиг өгч байна. Уг нь жил бүр өгөх ёстой. ЭТТ ХК нийт 17 их наяд төгрөгийн оффтэйк гэрээ хийсэн. Бөмбөлөг тээврээр их мөнгө идсэн. Мэргэжилтний гэрээс хэдэн тэрбум төгрөг гарсныг бид мартаагүй. “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогт “Ногдол ашиг өгвөл ЭТТ дампуурна” гэж их буруу ярьсан. Тэгвэл яагаад оффтэк гэрээ байгуулахдаа энэ үгийг хэлээгүй юм бэ?
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Бидний хэдэн гишүүдийн санаачилсан тогтоолын төслийг хэлэлцэж байгаад баяртай байна. Ногдол ашиг тараагаад дампуурсан ХК байдаг юм уу? Би сонсоогүй юм байна. ЭТТ ХК-ийн хяналтын багцыг ард түмэнд шилжүүлбэл олон нийтийн хараа хяналт сайжирна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ тогтоолын төсөлд ЭТТ ХК ашигтай ажиллавал ногдол ашиг хуваарилна гэж заасан. Түүнээс жил бүр ногдол ашиг өгнө гэж тусгаагүй.
“Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт: 2023 оны компанийн цэвэр ашиг 3 их наяд төгрөг. Үүний 2 их наяд төгрөг нь төрийн эзэмшилд ногдоно. Харин иргэдэд ногдох хувийг олгоход асуудал үүсэхгүй. Төрд ногдох мөнгийг олговол компани хэцүү байдалд орно. Ногдол ашиг олгох, эсэх шийдвэрийг ТУЗ хуралдан шийднэ. УИХ шийдэхгүй. ЭТТ-д онцгой бүрэн эрх тогтоосон байгаа. Энэ компанийн засаглалыг сайжруулах олон ажил хийж байна. ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулсан.