Нийслэлийн нийтийн тээврийн маршрут, чиглэл өөрчлөгдөх явцад гарсан алдаа, үйл явцын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Үндсэн зургаан чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын таван чиглэлийг хэвээр үлдээсэн.
Дунд оврын таван чиглэлийн хувьд зорчигчдоо гол автобусны буудал дээр буулгаад өөрийн чиглэл рүү явж байгаа. Энэ нь гэр хороололд амьдарч байгаа иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилготой зохицуулалт.
Эдгээр чиглэлүүд нь судалгаагаар өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд иргэдэд хүрэх хүртээмж нь сайн, үр дүнгээ өгч байна гэж гарсан тул өөрчлөхгүй авч үлдэж байна. Үндсэндээ нийтийн тээврийн салбарт нэг буудал дээр 28 чиглэлийн автобус давхацдаг байсныг арилгах зорилгоор өөрчлөлтийг хийж байна.
Мөн нийтийн тээврийн чиглэлд авч хэрэгжүүлсэн өөрчлөлтийг сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй судалсан.
Одоогийн нийслэлийн удирдлагуудын хувьд улс төрийн нөхцөл байдал амаргүй, сонгууль ойртсон ч зоригтойгоор өөрчлөх ёстой гэсэн үүднээс өөрчлөлтийг хийж байгаа. Үүнд олон нийтийн зүгээс олон жил хэвшсэн амьдралын хэвшил нь өөрчлөгдөж байгаа тул маш их бухимдалтай хандаж байна. Энэ асуудал дээр та бүхнээс хүлцэл өчье.
Замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийтийн тээврийн газар гээд мэргэжлийн хүмүүс бүгд хамтарч ажиллаж байгаа. Чиглэл туршиж эхэлснээс хойш сүүлийн хоёр хоногийн хугацаанд нийтийн тээврийн инженер, техникийн ажилчид огт гэртээ харихгүй ажиллаж байна. Олон нийт маш их бухимдалтай байгааг ойлгож байна. Зарим тохиолдолд төлөвлөлтийг хийж, мэдээлэл өгч байгаа хүмүүсийн ар гэр рүү дайралт ирж байна гэсэн мэдээлэл ирсэн. Мөн гүйцэтгэлийн шатад зарим нэг алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс аль болох алдаа дутагдлыг түргэн шуурхай, засах шийдвэрлэх ажил үргэлжилж байна гэлээ.