Нийслэлд олгох автомашины улсын дугаарын тоог хязгаарлах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-аар гаргасан.
Үүнтэй холбоотой шинээр машин авч буй иргэдэд нийслэлийн серитэй улсын дугаар олгохгүй гэх мэдээлэл ч цацагдсан юм. Үүнийг Автотээврийн Үндэсний Төв(АТҮТ) үгүйсгэж, дугаар олголт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлсэн.
Гэхдээ дээрх шийдвэр нь хэзээнээс хэрэгжиж эхлэх нь иргэдийн дунд эргэлзээ үүсгээд байна. Иймд нийслэлийн тээврийн хэрэгслийг хэзээнээс хязгаарлах талаар хотын даргаас тодрууллаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн тоог 730,000 байхаар баталсан.
Өчигдрийн байдлаар улсын автотээврийн бүртгэлд нийслэлийн 727,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 60,000 орчим нь чиргүүл, мотоцикл, механизм. Эдгээрийг дээрх тоонд хамааруулахгүй. Тиймээс энэ ондоо дугаар олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэлээ.