Цагдаагийн байгууллагаас 7 хоног бүрийн лхагва гарагт сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлын талаар мэдээлэл өгч буй бөгөөд өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нийт 468 гомдол бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн 327, одоо ажиллагаанд 141 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
“Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт мэдээлэл танилцуулахад нийт 162 гомдлыг шалгаж байсан бол өнөөдрийн байдлаар 468 гомдол болж өсчээ. Сонгууль болохтой холбоотойгоор нэгдсэн программ хангамжаар бүртгэж байна. Уг программ хангамж нь прокурорын байгууллагад давхар бүртгэгддэг.
Үргэлжлүүлэн “Гомдол мэдээлэл зөвхөн улс төрийн нам, эвслээс ирдэггүй. Улс төрийн хууль ёсны төлөөлөгч, иргэн,бие төлөөлөгчдөөс гомдол мэдээлэл ирдэг. Цагдаагийн байгууллагад гомдол ирсэн бол 24 цагийн дотор хүлээж авч байгаа. Бид гомдол хүлээж авч тав хоногийн дотор шалган шийдвэрлэдэг.
Мөн гомдол хүлээж авсан даруйдаа Прокурорын байгууллагад мэдээлж байна. Бид бүхний баримталж буй бодлого зарчим бол гомдол мэдээллийг аль болох түргэн хугацаанд шалган шийдвэрлэхээр ажиллаж байна. Зарим гомдолд хугацаа сунгах шаардлага гарч байгаа ч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ” гэв.
Нийт зөрчлийн 35 хувийг эд хөрөнгө устгаж, гэмтээх төрлийн зөрчил эхэлж байна. Тодруулбал, сурталчилгааны самбарыг устгаж, гэмтээх. Зураг дээрх хүний нүүр, царайг баллаж, цохлох гэх мэт хувь хүний ухамсар, санамсар болгоомжтой холбоотой зөрчил тасрахгүй байгаа аж.