461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан иргэн О-гийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийхдээ амь хохирогч О-г 2023 оны арваннэгдүгээр сараас эрэн сурвалжилж байсан, өмнө нь хоёр удаа ял шийтгэгдсэн, 10 хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан хэмээн мэдээллээ.
Нэг хэрэг нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, ес хэрэг нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга Г.Мөнхбаяр: Амь хохирогч О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт 7 холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. 2024 оны нэгдүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсна. 2024 оны оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих арга хэмжээ авсан.
Амь хохиргогч О нь нэгдүгээр сарын 29-нд АТГ-т гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Амь хохирогч О дөрөвдүгээр сарын 24-өөс цагдан хоригдож байх хугацаандаа долдугаар сарын 12-оос хэвлийн хэсгээр өвдөж байна гэж хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байсан. 2024 оны долдугаар сарын 22-нд бие нь муудаж Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд 23-ны өдөр цөсний шалтгаанд нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын ачаалалт хам шинж зэрэг оноштойгоор нас барсан. Үхлийн шалтгаан нягтлан шалгуулахаар цагдаагийн байгууллага Шүүх шинжилгээний шинжээч эмчийг томилуулсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
461 дүгээр ангид 16 удаагийн үзлэгт хамруулсан байна. Цөсний шалтгаанд нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх оноштойгоор нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан ч цагдаагийн байгууллага дахин нягталж шалгуулахаар шинжээч эмч ажиллаж байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Зодсон гээд байгаа цагдаа нарыг шалгаж байгаа юу?
-Тухайн асуудлаар иргэн О нэгдүгээр сарын 29-нд АТГ-т гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
–Хэрэгт холбогдсон цагдаа нар одоо ажлаа хийж байгаа юу?
-Одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ асуудал гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг АТГ шалгаж байгаа.