Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 21 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Талийгаач О гар утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан, дөрвөн сар цагдан хоригдсон байжээ. Түүний бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэг ухаангүй хүргэгдэж ирээд, 24 цагийн дараа амьсгал хураасан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл асуудлыг нарийн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцно хэмээн өөрийн цахим хуудастаа мэдэгджээ.
Тэрбээр
“Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд хэд хэдэн чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар тасралтгүй ажиллаж байгааг иргэд та бүхэндээ илтгэн танилцуулъя” гэжээ.