Хан-Уул дүүргийн Яармаг орчмын иргэд, ААН-үүдээс зэвтэй ус гарч байгаа талаар гомдол их иржээ. Иймд шугамыг солих ажил хийгдэж буй ч гацжээ.
Энэ талаар Ус Сувгийн Удирдах Газрын дарга Д.Мөнхзул “Нийслэлээс энэ онд Яармаг орчмын цэвэр усны шугамыг солих зардлыг шийдэж өгч, тавдугаар сард тендер зарласан юм. Уг тендерт манай газар мэргэжлийн байгууллагын хувьд оролцож, шалгаран арванхоёрдугаар сарын 25-ны дотор цэвэр усны шугамыг шинэчилж, хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байна.
Одоогийн байдлаар 504 метр шугамыг сольсон. Ус Сувгийн Удирдах Газар нь Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Газар/ОНӨААТГ/ учраас шугам солих материалыг худалдаж авах шаардлага гарч өнгөрсөн зургаа, долдугаар сард хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болсон. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа учир тендер зарлаж, шалгаруулалтад хугацаа алдах байдал гарлаа. Гэхдээ батлагдсан зураг төслийн дагуу гэрээт хугацаандаа хийж дуусгахаар ажиллаж байна, иргэд санаа зовох хэрэггүй.
Яармаг орчмын цэвэр усны шугамыг солих ажил зогсоогүй гэдгийг хэлье” гэж мэдээллээ.