Баянхонгор аймгийн ихэнх суманд хоёр өдөр үргэлжлэн цас орж, 25 см хүртэл цасан бүрхүүл тогтоод байна.
Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр Баянхонгор сум 25 см, Шаргалжуут тосгон 10 см зузаантай, бусад сум 2-8 см зузаантай цас ороод байна. Агаарын температурын тухайд, өнгөрсөн шөнө хангай, хээр тал, Алтайн салбар уулсын нутгаар -2…-6 градус, говийн нутгаар +0…+5 градус дулаан, хамгийн хүйтэн нь Гурванбулаг -10 градус хүйтэн хоножээ.
Нөхцөл байдлын улмаас ихэнх нутгаар замын гадаргуу болон зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсээд байгаа бөгөөд иргэд, тээвэрчид тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, хол, ойрын замд зорчихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Иргэд дулаан хувцаслах, хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч шийдвэр гаргах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг онцлон санууллаа.