Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.1 дэх хэсэгт \”Нийслэлийн залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Тус хөтөлбөрийн төсөлд олон талын саналыг тусгах зорилгоор нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллага, оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг 40 гаруй байгууллагын оролцоотойгоор хөтөлбөрийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөтөлбөрт тусгах санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгож, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийт залуучуудад урлагаар дамжуулан эерэг хандлага төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, зэрэг чухал асуудлыг хөндсөн юм.Мөн тухайн хөтөлбөрт хамаарах насны бүлгийг 15-35 насны залуучууд гэж авч үзэх нь зүйтэй хэмээн оролцогчид санал нэгдэв.
Уг хөтөлбөр нь залуучуудын хөгжлийн тулгуур индекс болох залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд ба амгалан тайван байдал, эерэг хандлага, улстөрийн болон нийгмийн оролцоо гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Нийслэлд анх удаа \”Нийслэлийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлснээр залуучуудын эрүүл амьдрах, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг болно.Мөн хотын хөгжил, соёл, тохижилт төдийгүй бүх шатанд залуучуудын оролцоо дээшилж, залуучуудын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч ажлын үр дүн нэмэгдэнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.