“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 350 сая төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар RXR-MC200BD загварын роботыг хүлээн авчээ.
Энэ нь дэлбэрэлтээс хамгаалагдсан гал унтраах тандалтын робот бөгөөд галын аюул, ослын голомтод алсын удирдлагаар (хамгийн багадаа 1 км-ийн зайнаас) ажиллана.
Гал түймэр гарсан байгууламжид байгаа дэлбэрэх бодис, бусад аюултай биетийг илрүүлэх, галын нөхцөл байдлыг тодорхойлох, аврагчдын амь нас, иргэдийн эд хөрөнгийг хамгаалахад ашиглах юм байна.
Мөн секундэд 300 литр ус цацах чадвартай, 16 цаг тасралтгүй ажиллах боломжтой. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цөөнгүй төслийг санхүүжүүлж байна. Тухайлбал, 2023 онд Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” нисэх буудалд гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх төслийг 497 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.