УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудаснаа нийтлэгдсэн “Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нар эзэмшдэг” нийтлэлтэй холбоотойгоор тайлбар хийжээ.
Тэрээр тайлбартаа “Монголын улс төрд хүний нэр төрд эрээ цээргүй халддаг башир, бохир арга нутагшиж байгаа нь харамсалтай.
Сүүлийн үед дарга, сайд болж чадаагүй, улс төрөөс хөндийрч байгаа зэрэг “ашиг сонирхол” нь биелээгүй хэсэг бүлэг, зарим улс төрчийн явуулж буй гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч, улмаар зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллага уг гүтгэлгийг нягталж шалгахгүйгээр мэдээлэл болгон явуулж байна.
Зарим нэр бүхий мэдээллийн веб сайт нь удаа дараа худал мэдээлэл нийтэлж байгаадаа нэн даруй залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна.
Мөн тус худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж, санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлж байгаа бүлэг хүмүүсийг мөн залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандах болно.
Жич: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван толгойн ордод битгий хэл өөр бусад ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.” гэсэн байна.