УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны цагийг сунгаж, Ерөнхийлөгчийн хоригийн дагуу шинэчлэн боловсруулсан 2025 оны Төсвийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Төсөвт хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардалд 100 тэрбум төгрөг тусгажээ. Цэцэрлэг дээр юм хэлэхгүй. Дунд сургуульд 38.5 тэрбум төгрөг төсөвлөснийг больё. Энэ зардлыг гурван ээлжтэй сургуулийн нягтралыг бууруулах, боловсролын тэгш байдлыг хангахад зарцуулъя. Жирийн иргэдийн хүүхдүүд сурдаг улсын сургуулиудыг барья.
Том том компаниуд дэргэдээ эмнэлэг, сургууль байгуулж, татвараас зугтах маягтай болсон. Улсаас ч, эцэг эхээс ч мөнгө авдаг байдлыг зогсооё.
Боловсролын сайд П.Наранбаяр, Хувийн хэвшлийн сургуулиуд төрийн ачааллыг үүрэлцээд 47-48 мянган хүүхэд сургаж байна. Сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг өмчийн хэлбэр үл харгалзан олгох заалт Боловсролын ерөнхий хуульд байдаг. Хуулийн дагуу хэрэгждэг зохицуулалт.
10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал огт олгохгүй. Сургалтын төлбөрт уялдуулан хувьсах зардлыг шатлалтай олгодог. Хувьсах зардлыг Засгийн газрын тогтоолоор олгодог гэв.