Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, ААН-ийг урамшуулах тухай тогтоолыг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, баталлаа.
Уг тогтоолыг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгж буюу 200 мянган төгрөг хүртэлх торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20 хувийг олгоно. Харин 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.
Үүнтэй ижил тогтоол 2021 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хэрэгжилт хангалттай биш байсан юм. Иймд уг тогтоолын төсөл боловсруулж, иргэнд олгох хувь хэмжээг тодорхой болгох өөрчлөлт оруулжээ. Зөрчлийг мэдээлсэн иргэн, ААН-ийн аюулгүй байдлыг хангаж, нууцална гэж заажээ.
• Иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд торгох шийтгэл оногдуулсан бол шийтгэлийн хувь хэмжээнээс хамаарч 10, 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох • Урамшуулал олгоход шаардагдах зардлыг нийслэлийн жил бүрийн төсөвт тусгах асуудлыг Улаанбаатар хотын захирагч хариуцна гэж тусгасан байна.