Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм.
Тэгвэл энэ сарын 26-ны 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, өнөөдөр 15:00 цагт 40МВт эрчим хүч нийлүүллээ. Тус станц нэгдүгээр сарын 6-наас 150 МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.
Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ.
“Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, Төсөлтэй холбоотой хоёр зүйлийг хүмүүст зориулж хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Үнэ тарифыг 2016 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд тодорхой зааж өгсөн.
Тэр гэрээнд эрчим хүчээ 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан.
Тэр тариф ОХУ болон БНХАУ-аас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд байгаа. Тэгэхээр төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь манай станцын үйл ажилллагаатай ямар ч холбоогүй, олон жилийн өмнө шийдсэн асуудал гэдгийг онцлон хэлмээр байна.