ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан бөгөөд 30 өдрийн турш бүрэн гал зогсоох саналыг дэмжсэнгүй.
Путины зүгээс бүрэн гал зогсоох гэрээ байгуулахын тулд эхлээд Украинд үзүүлж буй гадаадын цэргийн тусламж, тагнуулын мэдээлэл хуваалцах ажиллагааг зогсоох ёстой гэж мэдэгдсэн аж.
Харин өмнө нь Европын холбоотнууд энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид Саудын Арабад Украины талтай уулзахдаа 30 өдөр турш гал зогсоох саналаа танилцуулсан бөгөөд Украин үүнийг дэмжсэн.
Харин энэ саналаас Путин татгалзаж буй нь энэ юм. Трамп өмнө нь Путиныг энэ саналд нааштай хариу өгөхөд итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байв.
Кремлийн мэдээлснээр Путин Трамптай ярилцсаны дараа эрчим хүчний байгууламжуудад халдахаа зогсоох тушаал өгсөн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський эрчим хүчний байгууламж, дэд бүтцэд халдлага хийхээ 30 хоногийн хугацаанд зогсоох саналыг мөн дэмжихээ илэрхийлсэн аж.
Тэрбээр “Өнөөдөр Путин бүрэн гал зогсоох саналыг няцаалаа. Үүний хариуд дэлхий нийт дайныг сунжруулах гэсэн Путины аливаа оролдлогыг няцаах нь зөв” гэжээ.
Путин бүрэн гал зогсоох саналаас татгалзсан ч Трамп хоёр цаг үргэлжилсэн яриагаа үр дүнтэй байсан хэмээн магтсан байна.
Эх сурвалж: Reuters