Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Гэвч замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн байна.Замын эвдрэл, гэмтэл нь нүүрсний тээврийн хөдөлгөөний эрчмээс гадна нэг тэнхлэгт ногдох даацыг стандартаас хэтрүүлснээс үүдэлтэй юм. Өмнө нь энэ замаар хоногт дунджаар 150-250 тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч эрэлт нэмэгдсэнтэй холбогдон 1000 гаруй тээврийн хэрэгсэл зорчих болжээ. Хэдийгээр замын засвар, арчлалтыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа ч, Гашуунсухайт чиглэлийн буюу ачаалалтай талын зорчих хэсэгт эвдрэл, хагарал ихээр гарч, замын тэгш бус байдал алдагдсан тул засварлах зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын хөдөлгөөний бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат автозамын хэсэгчилсэн засварын ажилд хэд хэдэн компанийг зэрэг оруулж, энэ оны 10 дугаар сар гэхэд дуусгах, зам засварын үеэр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шороон замаар нэг ч тээврийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.