АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Майк Уолцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлж, НҮБ-д суух Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүллээ.
Майк Уолц нь Йеменд хийх АНУ-ын агаарын цохилтын талаарх нууц мэдээллийг задалсан хэрэгт нэр холбогдсон юм.
АНУ-ын тагнуулын албаныхан The Atlantic хэвлэлийн сэтгүүлчийг “санамсаргүйгээр” нууц Signal групп чатад нэмж оруулснаар Йемений хуситуудын эсрэг цохилтыг АНУ ямар зэвсэглэлээр хийх, бай нь юу байх, цохилт өгөх цагийн хуваарь зэрэг нарийвчилсан нууц мэдээлэл ил болсон билээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг түр хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хавсран гүйцэтгэнэ.
Ерөнхийлөгч Трамп Truth нийгмийн сүлжээнд бичихдээ “Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд Майк Уолц маш шаргуу ажилласан, шинэ албан тушаалд ороод үүнийг хийж чадна гэдгийг би мэдэж байна” гэжээ.