Улаанбаатарчуудын толгой
өвчнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Зарим улс нийтийн тээврийн салбараа тархиа
гашилгахгүйгээр хөгжүүлж, иргэдийнхээ амьдрал ахуйд тус дөхөм болж байгаа
харагдах юм. Гэтэл манайд нийтийн тээвэр
гэхээр л \”галзуу хулгана” гэж хардаг хандлагатайгаар он жилүүд үргэлжилсээр
байна.
Нэг үеэ бодоход мөнгө төлж,
кондукторт загинуулахгүйгээр картаа уншуулчихвал хаа хүрсэн ч хамаагүй зорчоод
байх боломжтой болж. Нөгөө талаас мөнгөгүй туулайнууд зорчих боломжгүй болсон
гээд давуу талууд харагдаж байгаа. Тэгвэл нийтийн тээврээр
зорчигчид карт уншуулж үйлчлүүлдэг болсноос хойш ашигтай ажилладаг болсон
талаар мэдээлсэн байна. Тухайлбал 2017 оны 04 дүгээр сарын 1-нээс өмнө автобус
баазууд өдөртөө 45 сая төгрөгийн орлого олдог байсан бол мөнгө төлөхгүйгээр дан
карт уншуулдаг болсноор өдөртөө 90 сая төгрөгийг орлого олж, ашигтай ажиллаж
эхэлсэн байна.
Мэдээж бэлэн мөнгө эргэлдэхээ болихоор автобусны
жолооч хумслаад байхааргүй болж, орлого шууд автобус баазууд руу төвлөрч
эхэлсэн нь ойлгомжтой. Энэ бүгд дэлхийн жишгээ л дагаж байгаа хэрэг. Тэгвэл
дэлхийн жишигт нийцэж, ухаалаг үйлчилгээг нэвтрүүлж, автобус баазууд ашигтай
ажиллаад эхэлсэн юм бол одоо соёлжих шаардлагатай.
Өмнө нь ч хэлж л байсан. Автобусны тасалбар
500 төгрөг болоход \”үнээ нэмж болно оо. Цэвэрхэн соёлтой үйлчилгээг
нэвтрүүлээрэй” гэж хүсч байлаа. Гэвч нийтийн тээврийн салбар олон ухаалаг
хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад тоос шороонд дарагдсан автобуснууд, хараал хэлж,
тамхи татсан жолооч нар нь соёлжиж чадахгүй л байна. \”Тийм л соёлтой цэвэрхэн баймаар байгаа бол
таксиндаа суу л даа” гэж автобусны жолооч зорчигчдыг загинасан хэвээр…
Ашигтай орлоготой ажиллаж байгаа л юм бол одоо энэ бүдүүлэг үйлдлээ цагдаж,
соёлтой боловсон үйлчилгээг үзүүлж, өнөөх дэлхийн жишигтэй нийцүүлмээр байх юм.
Хэзээ цэвэрлэгээ орсон нь мэдэгдэхгүй хир
буртагтаа баригдсан сандал, тортог тогтсон гарын бариулууд, тамхиа баагиулаад л
зорчигчдыг хараах жолооч. Одоо нийтийн тээвэр гэхээр л шууд нүдэнд бууж буй энэ
дүр төрхийг өөрчилмөөр байна.