Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Тухайлбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн хоёр автомашинд ачсан, баримт бичгийн бүрдэлгүй 1,700 ширхэг гүйлсний модыг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад ХХАА-н сайдын 2015 оны А-90 тоот тушаалын хавсралтын Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй илэрсэн тул тээврийн хэрэгслийг саатуулжээ.
Түүнчлэн жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авч, цацаг далавчтан илэрсэн төмсийг гүний хяналтад шилжүүлэн, албан шаардлага өгөв. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар