Энэ жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалт шинэ журмаар явагдах болсонтой
холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс дараах тодруулгийг авлаа.
Өмнөх жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалтад сонсох чадварын тест байгаагүй
шүү дээ. Ямар хичээлүүд дээр сонсох чадварын шалгалт авах вэ?
-Элсэлтийн
ерөнхий шалгалт өгч байгаа сурагчид Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалт
өгөхдөө сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон. Нийтдээ 80 минутын
шалгалтын 10 минутыг сонсох чадварын шалгалт өгнө.
Энэ жилийн бүртгэлийн хураамж хэдэн төгрөг байна вэ?
-Шалгалтын
бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж 700 төгрөг тус тус байна.
Шалгалт өгөх сурагчид ямар материалтай ирэх вэ?
-Шалгуулагчид дараах материал
бүрдүүлнэ. Цахим үнэмлэх, Цээж зураг, Интернет гүйлгээ
хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл, И-мэйл хаяг
(Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ) гэсэн материалтай ирнэ.
Энэ жил улсын хэмжээнд нийт хичнээн сурагч шалгалт өгөх
вэ?
-ЭЕШ-ын бүртгэл ирэх баасан гарагт дуусгавар болох бөгөөд улсын хэмжээнд
нийт 40 мянга гаруй сурагчдаас одоогоор 80 хувь нь бүртгүүлсэн байна. Хэрэв тухайн
сурагч шалгалтын бүртгэлээс хоцорсон тохиолдолд дахин бүртгэхгүй байхаар зохицуулж
байна.