Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд шинэ чиглэл нэмж, нэг чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, Д:1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.
Эдгээр чиглэлд маргааш буюу наймдугаар сарын 9-ний өдрөөс автобус явна.
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас/НТБГ/ мэдээлснээр Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэж Ч:71а “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээсэн байна.

Харин Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэл 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор Д:1 “Шархад–Улиастайн хуучин эцэс–Хангамж” чиглэлийн замналд шинээр дөрвөн байршилд нийтийн тээврийн хэрэгслийн дундын зогсоолыг төлөвлөж, нийтийн тээврийн автобусыг явуулахаар болжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч байгааг НТБГ-аас мэдээллээ.
Нийслэл хотод өдөрт 1,096 автобус иргэдэд үйлчилж байгаа аж.











































































