Авилгатай тэмцэх газар бол Ц.Элбэгдоржийн шударга бусын хонгил нь юм байна гэсэн ойлголтыг Н.Алтанхуяг олон нийтэд төрүүлсэн. Шударга ёс тогтоож авилга хээл хахууль, албан тушаалын хэрэгтнүүдийг шударга үнэний хонгилд чихэн оруулах ёстой гэж ард түмэн энэ байгууллагыг хардаг байлаа. Гэвч энэ байгууллагын ажил үйлс нь олон нийтийн хараа хяналтаас дэндүү хол, үнэхээр л Ц.Элбэгдоржоос өөр хэн нэгэн чухам аль нь үнэн аль нь худал болохыг нь мэдэж чадахгүй явж байна. Тэгсэн мөртөө баривчилгаа, зарлан дуудаж байцаах нь сүртэй гэж жигтэйхэн. Голдуу үдэш орой, шөнө дөлөөр байцааж харагдана. За тэр ч яахав, энэ байгууллагын үйл ажиллагаанаас ил тод, хэзээ ч харсан нээлттэй байх ёстой нэг зүйл нь төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг. Эндээс л ард түмэн мэдээлэл авч хэнд нь итгэх, хэнд нь эргэлзэх ёстойгоо ойлгож авдаг гэхэд хилсдэхгүй. АТГ-ын сайтад орж сонирхох дуртай ганц булан. Цахим ертөнц өндөр хөгжсөн өнөө үед мэдээллийн ил тод байдал гэдэг цахим мэдээлэл хэр хурдан шинэчлэгдэж байгаагаас харагддаг. Гэтэл АТГ-ын хамгийн чухал булан ажиллахгүй байна. Төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг үзэж болохгүй байгаа нь энэ байгууллага ажлаа шударга хийдэг эсэхэд эргэлзэх эргэлзээ төрүүлнэ. Хэрвээ шударга хийдэг бол цахим сайт хариуцсан ажилтан нь ажлын хариуцлага алдсан байх. Гэхдээ өч төчнөөн булантай сайтын ганцхан чухал булан нь л ажиллахгүй байна гэдэг цаанаа асуудалтай, тэр асуудал нь сэжигтэй байгааг л илтгэнэ. Хэн авилгатай тэмцэх газрын энэ буланг хааж орхив. Хэн юу нуухыг хүсэв гэдэг асуулт л толгойд эргэлдэнэ. Алхам тутамдаа хардахгүй л бол горьгүй авилгач нийгэмд бид амьдарч байна шүү дээ.
С.Амаржаргал