Багш нар ажил хаялт зарлаад удаж байна. Эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс маргаашаас хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэхэд хариулт хүлээж байна.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 2025 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 мянган багш, ажилтан хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиролцоонд хүрсэн тул ажил хаялтыг зогсоох болсон тухай мэдээлэл цацагджээ. Гэвч одоогоор Боловсролын сайд болон яам, Боловсролын ерөнхий газраас үүнд албан ёсны хариу, мэдээлэл өгөөгүй байна.
Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Ирэх даваа гараг гэхэд сургууль, цэцэрлэгийг оруулах шаардлагатай. Монголын нийгмийн амьдралыг үүнээс илүү царцааж болохгүй шүү дээ. Хүүхдийн сурлагын хоцрогдол ноцтой үр дагаварт хүргэнэ” гэж мэдэгдсэн.












































































