Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Багш нарын цалинг өсгөе, 2025 оны 12 сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн, энэ асуудлыг шийдэхээр ярилцлаа. Мөн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмүүлж, эх үүсвэрийг 2026 оны төсөвтөө суулгалаа.
Түүнчлэн ахмад настнуудынхаа тэтгэвэр, нийгмийн халамжийг тэтгэврийг нэмэхээр ярилаа. Төсөвт 6 хувиар орж ирснийг 8.6 хувиар өсгөхөөр эх үүсвэрийн тооцоо судалгаа хийгээд, 2026 оны төсөв суулгаж орууллаа” гэв.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “Цалин, тэтгэвэртэй холбоотой зардал нийт 1.1 их наяд төгрөг болж байна. Ингэж нэмэхийн тулд энэ хэмжээгээр зардлаа бууруулах шаардлага үүссэн.
Нийгмийн даатгал сан, Нийгмийн халамжийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллага, гамшиг ослоос хамгаалах, эрэн хайх аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл, тусламжаас санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй.
Үүнээс бусад бүх зардлыг 10-13 хувиар танахаар харагдаж байна. Мөн тухайлсан зардлууд буюу УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зардал, Соёл спорт аялал жуулчлалын сайдын татаасыг бууруулах зэрэг зардлыг хасна. Хөрөнгө оруулалтаас улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсролоос бусад салбарын тоног, төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувиар бууруулна.
Мөн шилжих хөрөнгө оруулалт гэж байдаг. Үүнийг 15 хувиар бууруулах зэрэг байдлаар 150 тэрбум төгрөгийг гаргаж байна” гэв.












































































