Энэтхэгийн Гоа мужид “Birch” гэх алдартай шөнийн клубт гал гарснаар 25 хүн амиа алджээ.
Шөнийн клубын гал тогоонд газ дэлбэрсэн учраас гал гарсан гэж цагдаа нар эхэндээ таамагласан. Гэвч мужийн ерөнхий сайдын Ням гаригт мэдээлснээр клуб дотор салют буудуулсан нь галын шалтгаан болсон аж.
Далайн эргийн ойролцоо байрладаг тус шөнийн клубт Болливудын алдартай дижэйг сонсохоор олон хүн цугларсан байжээ.
Нас барагсдын гурав нь түлэгдэлтээс болж амиа алджээ. Үлдсэн хүмүүсийн олонх нь амьсгал боогдолтоос болж нас барсан байна.
Түүнчлэн нас барсан хүмүүсийн дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд байсан бол бусад нь клубын ажилтнууд байжээ. Ажилтнуудын 20 нь Энэтхэгийн янз бүрийн мужаас ирсэн бол Балбаас ирсэн нэг ажилтан байсан.
Энэ хэрэгтэй холбоотойгоор шөнийн клубын менежер тэргүүтэй дөрвөн хүнийг баривчлаад байна. Мөн клубын эзэмшигчийг баривчлах тушаал гарчээ.
Онцгой байдлынхан хэргийн газарт ажиллаж эхэлсэн бөгөөд ослын талаарх бүрэн тайланг долоо хоногийн дотор гаргана гэж мэдэгдэв. Шинэ клубүүд ойр ойрхон нээгдэх болсон тул аюулгүй байдлын стандартыг хангах шаардлагатайг албаныхан сануулж байна. Энэтхэгт сүүлийн жилүүдэд зугаа цэнгээний зориулалттай газруудад хэд хэдэн удаа гал гарчээ.
Нэгэн цагт Португалын колони байсан Гоа муж нь өдгөө шөнийн амьдрал, элсэрхэг далайн эрэг, үзэсгэлэнтэй амралтын газруудаараа сая сая жуулчин татдаг газар болсон. Энэ оны эхний хагасын байдлаар 5.5 сая жуулчин Гоад иржээ. Тэдний 270 мянга нь хилийн чанадаас ирсэн байна.










































































